"Сургуулийн автобусаар явах гоё бас дулаахан"

Нийслэлийн тэргүүний лаборатори 23-р сургууль дээр хуваарийн дагуу  13.30 цагаас хоёрдугаар ээлжийн автобус ирдэг.  Төд удалгүй “Ботаник-23-24 дүгээр сургууль"-ийн чиглэлийн автобус ирлээ. Автобус ирэх бүрд 23 дугаар сургуулийн нийгмийн ажилтан, school police-тайгаа хүүхдүүдээ тосч, суулгадаг аж.    

Сургуулийн автобуснаас  23 дугаар сургуулийн 50 гаруй  хүүхдүүд яаран буусан бол 24 дүгээр сургуулийн 10 хүүхэд гэртээ харихаар автобусандаа үлдэв. 23 дугаар сургуулийн 2-5 ангийн хичээл өдөр 13.30 цагт ордог учраас хүүхдүүд дор хаяж 13.15 гэхэд ангидаа орсон сууж байх ёстой ч замын түгжрэлээс шалтгаалан хичээлдээ хоцорч орох тохиолдол гардаг гэнэ. 

Харин 24 дүгээр сургуулийн бага анги өглөө эрт ордог учраас автобус өдөртөө дүүргэлт багатай явдаг ч оройн ээлжид эсрэгээрээ олон хүүхэд явдаг гэнэ. Тус сургуулийн өргөтгөл барилга арванхоёрдугаар сарын 1-ээс ашиглалтад орохоор бага ангиуд өглөө орж эхлэх  бөгөөд хүүхдүүд хичээлдээ хоцрохгүй, автобусны дүүргэлт тэнцвэржинэ гэдгийг албаныхан онцолж байлаа. Ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 орчим хүүхдэд  хоёр ээлжээр  үндсэн  33 чиглэлд 40 автобусаар үйлчилж байна. Сургуулийн хүүхдүүдийг зөөх 40 автобусыг хоёр ангилж, дөрвөн бүсэд хуваажээ. Тухайлбал, Таван шар-Яармаг-Долоон буудал-Ботаник гэсэн цэгээс хотын төвийн сургуулийн автобус хөдөлдөг бол үлдсэн 16 автобус нь захын бүсэд алслагдсан дүүргүүдэд чиглэл гаргаж, сурагчдыг хүргэдэг байна. 

АВТОБУСНЫ ТООГ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАРТ ХҮСЭЛТЭЭ ГАРГАНА

23 дугаар сургуулийн нийгмийн ажилтан  Д.Батдорж “Өнөөдрийн байдлаар  өглөөний ээлжид Таван шараас гэхэд  манай сургуулийн 44 хүүхэд ирсэн. Харин  24 дүгээр сургуулиас мөн 40-50 хүүхэд ирсэн. Тэгэхээр нийт 100 гаруй хүүхэд нэг автобусанд дүүргэлт ихтэй явж байна  гэсэн үг. Цаашид автобусны тоог нэмэх шаардлагатай гэж үзээд Нийслэлийн тээврийн газарт хүсэлтээ гарах бодолтой байна.  Бид дан ганц  2-5 анги гэж ялалгүй зургадугаар ангийн хүүхдүүдийг ч мөн адил автобусаар  явуулж байна.  Учир нь манай сургуульд   нэг  айлын хоёр хүүхэд  явдаг.  Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ  заавал машинаар хүргэж ирдэг. Энэ нь эргээд түгжрэлийг үүсгэх нэг шалтгаан болж байгаа учраас нэг айлын хоёр хүүхдийг сургуулийн автобусанд явуулах боломжтой гэж харж байна.  Сургуулийн автобус явж эхэлснээр сургуулийн ойр орчим машингүй, түгжрэлгүй болсон нь илт мэдэгдэж байгаа. Хэдийгээр сургуулийн автобусыг он дуустал турших  боловч цаашдаа бүрэн хэрэгжүүлээд явах  бүрэн боломжтой ” гэлээ.

Нийслэлээс  сургуулийн автобусанд байршил тогтоогч суулгасан  гэж  мэдээлж байсан ч өнөөдрийн байдлаар ганц ч автобусанд суурилуулаагүй байна.  Байршил тогтоогч суурилуулаагүйгээс үүдэн эцэг эхчүүд хүүхдүүдээ асуухаар зохицуулагч багш руу зогсоо зайгүй залгадаг гэнэ.

Тухайлбал,  18.00 цагаас хичээл тарлаа гэхэд замдаа түгжрэлд 20.00 цаг хүртэл таг зогсох тохиолдол ч бий. Харин эцэг эхчүүд 19.00 цагт хүүхдүүдээ тосохоор автобусны буудал дээр хүлээнэ. Хүүхдүүд нь ирэхгүй болохоор айна, сандарна. Аргаа барахдаа сургуулийн нийгмийн ажилтан, зохицуулагч багш, жолооч гэхчлэн холбоо барьж болох бүх хүмүүс рүү утас цохидог аж.

Хэрэв автобусны  байршил тогтоогчийг суулгачих юм бол хүүхдүүд автобусанд орохдоо карт уншуулахад эцэг эхийнх нь  утсан дээр мэдээлэл нь очсноор хүүхдийгээ хаана явж байгаа мэдээллийг харах боломжтой болох юм. Байршил тогтоогчийг  Нийслэлийн боловсролын газар өөр нэг газартай хамтран боловсруулж байгаа бөгөөд удахгүй суурилуулна гэх мэдээллийг бидэнд өглөө. Энэ үеэр сургуулийн автобусаар явах хэр санагдаж байгааг сурагчдаас лавласан юм. 

СУРГУУЛИЙН АВТОБУСААР ЯВАХААР ДУЛААХАН БАС ТҮГЖРЭЛГҮЙ ХИЧЭЭЛДЭЭ ИРДЭГ

24 дүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагч Э.Гэгээн-Нар “Манай гэр офицерт байдаг. Би сургуулийн автобусаар явж эхлээд гурав хонож байна. Өмнө нь нийтийн тээврээр зорчиход хүйтэн бас удаан явдаг байсан. Харин сургуулийн автобусаар явахаар дулаахан бас түгжрэлгүй хичээлдээ ирдэг. Манай ангиас нийт 17 хүүхэд сургуулийн автобусаар явдаг” гэв.

ҮЕИЙН НАЙЗУУДТАЙГАА НЭГ АВТОБУСАНД ЯВАХААР ГОЁ

Тус сургуулийн тавдугаар ангийн сурагч Ө.Чингүүн “Би сургуулийн автобусанд хоёр хоногийн өмнө сууж үзсэн. Гэхдээ өглөө  сургуулийн автобусыг хүлээхээр хичээлээс хоцрох гээд байдаг учраас ээж, аавынхаа аль нэгнээр нь сургуульдаа хүргүүлдэг. Харин тарахдаа сургуулийнхаа автобусаар явдаг шүү. Ангийнхантайгаа бас үеийн найзуудтайгаа нэг автобусанд явахаар гоё байдаг” гэв.

УГ НЬ СУРГУУЛИЙН  АВТОБУСААР  ЯВМААР Л БАЙСАН

23 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагч н.Мөнхжин  “Би сургуулийн автобусанд өмнөх Баасан гаригт анх удаагаа сууж үзсэн. Манай ангиас надтай нийлээд гурван хүүхэд сургуулийн автобусаар явдаг. Гэхдээ өнөөдөр би  сургуулийн автобусаар явж чадаагүй. Манай эгч хүргээд өгье гээд эгчтэйгээ ирсэн дээ. Уг нь сургуулийн  автобусаар  явмаар л байсан” гэв.

СУРГУУЛЬДАА ИРЖ, ОЧИХДОО СУРГУУЛИЙН АВТОБУСААР ЯВДАГ

Тус сургуулийн гуравдугаар  ангийн сурагч  Н.Билэгт-Очир “Сургуулийн автобусанд явах ер нь гоё. Намайг өдөр ах маань хүргэж сургуульд хүргэж  өгдөг байсан. Одоо бол сургуулийнхаа автобусанд сууж ирээд, харихдаа автобусны буудлаас гэрийнхэн тосдог. Манай хичээл 13.30 цагаас орж 18.00 цагаас тардаг" гэв.

ТҮГЖРЭХЭЭР “ХААНА ЯВЖ БАЙНА” “ЯАСАН” ГЭЭД  ГЭРИЙНХЭН ИЛ ЗАЛГАДАГ

Зургадугаар ангийн сурагч Т.Бямба “Сургуулийн автобусаар анх удаагаа явж үзлээ. Манай гэр офицерт байдаг. Хол болохоор би найзтайгаа хамт автобусаар хичээлдээ ирдэг байсан. Сургуулийн автобусанд явахаар тухтай байдаг. Хичээл тарах үеэр заримдаа түгжрэлд ороход гэрийнхэн их залгадаг. “Хаана явж байна” “яасан” гээд л асуудаг" ” гэв.