“ХАОЖИ” ТӨМӨР ЗАМААР БНХАУ-ЫН ХОЙД НУТГААС ТӨВИЙН БҮС РҮҮ НҮҮРС ТЭЭВЭРЛЭНЭ

Монгол Улс дунд болон урт хугацаандаа БНХАУ-д нийлүүлж байгаа коксжих нүүрсний хэмжээгээрээ Австралийг ардаа орхино гэсэн таамаглалыг “Fenwei Energy”-ийн шинжээч дэвшүүлээд байна.

Үүнд нөлөөлөх нэг гол хүчин зүйл нь БНХАУ-д шинээр ашиглалтад орсон “Хаожи” төмөр замын шугам гэж үзэж байна. Нийт 1814 км урт үргэлжлэх энэхүү төмөр замын бүтээн байгуулалт 2015 онд эхэлсэн бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын 28-нд ашиглалтад оруулсан юм. Төмөр замын бүтээн байгуулалтад 27 тэрбум ам.доллар зарцуулжээ. “Хаожи” төмөр зам нь ӨМӨЗО, Шаньси, Хэнань, Хубэй, Хунань, Жянши зэрэг БНХАУ-ын долоон мужийг дайран өнгөрнө.

Тиймээс 2020 онд гэхэд БНХАУ-ын хойд нутгаас төвийн бүс рүү жилд 60 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэж “Хаожи” төмөр замыг эзэмшигч компани болох “China State Railway Group” мэдэгдлээ. Одоогоор “China State Railway Group” 42 компанитай гэрээ байгуулж, тус бүрээс нь жилд 500 мянган тонн ба түүнээс дээш хэмжээний нүүрс тээвэрлэхээр тохиролцоод байгаа юм байна.

Өмнө нь БНХАУ-ын хойд нутгаас төвийн бүс рүү нүүрсээ усан замаар тойрох, эсвэл авто замаар тээвэрлэн хүргэдэг байсан аж. Тухайлбал: Дачин төмөр замын шугамаар БНХАУ-ын баруунаас зүүн хэсэг рүү нүүрс тээвэрлэж байна. Чинхуандао, Цайфедиан боомт руу тээвэрлэж, тэндээсээ өмнөд хэсгийн хэрэглэгчид рүү усан замаар хүргэж байгаа аж. Харин “Хаожи” төмөр замын шугам нь тээврийн замыг товчилж, зардал хэмнэнэ гэж үзэж байна.